СҮРЬЕЭГҮЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХАМТДАА

СҮРЬЕЭГҮЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХАМТДАА

44

Манай аймагт жилд дунджаар 110-140  сүрьеэгийн тохиолдол бүртгэгдэж, өвчлөл өндөртэй эхний найман аймгийн тоонд орж байна. Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбоо, Аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран сүрьеэгийн тохиолдлыг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, эмийн дасалтай сүрьеэгийн аюулд анхаарал хандуулж ажиллах чиглэлээр “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хамтдаа” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уг сургалт, хэлэлцүүлэгт Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа болон 97 багийн Засаг дарга, багийн эмч нар оролцлоо.

“Сүрьеэгүй ирээдүйн төлөө хамтдаа” сургалт, хэлэлцүүлгийн үеэр Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн холбооны ерөнхийлөгч Ц.Ганхүү “Дэлхий дахины болон Монгол улсын сүрьеэ өвчний өнөөгийн байдал”, ХӨСҮТ-ийн СТСА-ны хяналтын эмч Д.Отгонцэцэг “Сүрьеэ өвчний тухай ойлголт”, “Сүрьеэтэй өвчтөний үргэлжлэх шатны эмчилгээ, хвьтлын хяналт, сэргийлэлт”, “Сүрьеэгийн идэвхитэй илрүүлэлт, эрсдэлт бүлэг”, ХӨСҮТ-ийн СТСА-ны тархвар судлаач Д.Наранзул “Монгол улсад хийгдсэн сүрьеэгийн судалгааны үр дүн, бодлогын зөвлөмж”, “Өвчтөн төвтэй сүрьеэгийн тусламж үйлчилгээ, сум багийн түвшинд анхаарах асуудал”, “Сүрьеэгээс сэргийлэх, хянахад ажил олгогчдын үүрэг, оролцоо”, Монголын сумын эмч нарын холбооны гүйцэтгэх захирал Ц.Даваахүү  “Сорьц цуглуулах, хадгалах, тээвэрлэх менежмент, анхаарах асуудал” сэдвийн хүрээнд илтгэл, мэдээлэл хүргэсэн юм.

Төв аймаг сүрьеэ өвчнөөс сэргийлэх, бууруулах чиглэлээр олон арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байгаа бөгөөд сүрьеэгийн тасгийн эмч мэргэжилтнүүд болон хэвтэн эмчлүүлэгчдийг олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн халдвараас сэргийлэхийн тулд агааржуулалтын системийг засварлахад шаардлагатай 2.5 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэжээ. Мөн уг өвчнийг илрүүлэх үзлэгийг жил бүр 6 суманд зохион байгуулж түвшинг тодорхойлж байна. Халдварт өвчнөөс сэргийлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх аймгийн төлөвлөгөөнд сүрьеэгийн эмнэлгийн өргөтгөлийг барихаар тусгасан юм.

Манай аймаг 2016 оноос эхлэн шийдвэр гаргах түвшний нөлөөллийн уулзалтуудыг зохион байгуулсаар ирсэн бөгөөд энэ удаагийн сургалт засаг захиргааны анхан шатны нэгж болох Багийн Засаг дарга, эмч нарыг хамруулснаараа ихээхэн ач холбогдолтой болсон юм.

ХУВААЛЦАХ

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих