БАЯН СУМЫН НЭГДСЭН ХАЛААЛТЫН СИСТЕМИЙГ БҮРЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ

БАЯН СУМЫН НЭГДСЭН ХАЛААЛТЫН СИСТЕМИЙГ БҮРЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ

51

Аймгийн Засаг даргаас хөдөөгийн 26 сумаа нэгдсэн халаалтын системд холбох ажлыг ээлж дараатайгаар зохион байгуулж байна. Энэ 2018 оныг “Үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих” урианы жил болгон зарлаж энэ хүрээнд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын томоохон ажлууд хийгдсээр байна. Аймгийн Засаг дарга сумын Засаг даргатай байгуулсан “Төр хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ”-нд тусгагдсаны дагуу  Баян суманд “Дулаан үйлдвэрлэлийн төв” шинээр баригдаж нээгдлээ. Нээлтийн ажиллагаанд Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, ИТХ-ын Тэргүүлэгч Ж.Баттөгс болон Баян сумын удирдлагууд, иргэд оролцлоо. Уг “Дулаан үйлдвэрлэлийн төв”-д 100.000м3 талбайг халаах 2 мегаваттын хүчин чадалтай 2 нам даралтын зуухыг суурьлуулсан бөгөөд сумын 5 төсөвт байгууллага, 2 аж ахуйн нэгж, төрийн албан хаагчдын 4 орон сууц, айл өрхүүд нэгдсэн халаалтын системд холбогджээ. Төр хувийн хэвшлийн түншлэлээр баригдаж буй дулааны төвийн үйл ажиллагаа эхэлснээр ая тухтай ажиллаж, амьдрах нөхцөл боломж бүрдлээ хэмээн сумын иргэд, албан байгууллагууд онцолж байна.

Дулаан үйлдвэрлэлийн төв ашиглалтад орсноор цаашид Баян суманд шинээр баригдах төмөр замын ажилчдын 24 айлын орон сууц, дотуур байр, бусад барилга байгууламжийг дулаанаар хангах хангалттай нөөц бүрдэж байгаа юм. Тус төвийн барилгын ажил 6 дугаар сард эхэлсэн бөгөөд эрчим хүчний тоног төхөөрөмжийн угсралт, засвар үйлчилгээ, дулааны шугам сүлжээ, эрчим хүчний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хит повер тэч” ХХК-ний хамт олон хийж гүйцэтгэжээ.

ХУВААЛЦАХ

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих