АЙМГИЙН ИТХ-ЫН 10 ДУГААР ХУРАЛДААНААР ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2019 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН...

АЙМГИЙН ИТХ-ЫН 10 ДУГААР ХУРАЛДААНААР ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2019 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН БОЛОВСРУУЛАЛТЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

63

Аймгийн ИТХ-ын 10 дугаар хуралдаан ЗДТГ-ын Хурлын танхимд болж байна. Тус хуралдаанаар Аймгийн эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн боловсруулалтыг хэлэлцэж байна. Төв аймаг 2019 оныг их бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг орон нутгийн  хөгжил, эрх ашигтай уялдуулан төлөвлөн хэрэгжүүлж иргэд нь ажилтай, орлоготой, өрх  гэрээ нь ая тухтай, чанартай, амьдралтай, аймгаа – өсөлттэй, өгөөжтэй эдийн  засагтай болсон байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2019 оныг “Бүтээн байгуулалт-хөрөнгө оруулалтын жил” болгон ажиллах зорилт дэвшүүлэхээр төлөвлөж байгаа юм.

Аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг боловсруулахдаа:

  • Аймгийн хөгжлийн хэтийн зорилт “ХӨГЖЛИЙН ТҮҮЧЭЭ-ТӨВ АЙМАГ”-2024
  • Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө болон Үндэсний хэмжээний хөтөлбөр, дэд хөтөлбөрүүд зэрэг бодлогын баримт бичгүүд,
  • Монгол улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл
  • Монгол улсын 2019 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд хүргүүлсэн санал зэрэгтэй уялдуулан нийт 95 зорилт 282 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төслийг боловсруулсан байна.

Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал: “Ирэх жилийн үндсэн чиглэлд тухайлсан төсөв, хөрөнгө оруулалт шаардсанаас бусад нэг удаагийн үйлчлэлтэй хэрэгжих арга хэмжээ, хяналт шинжилгээ үнэлгээ, шалган туслах ажил, сургалт семинар зэрэг дотоод зохион байгуулалтын шинж чанартай ажлуудыг тусгаагүй бөгөөд тэдгээр ажлыг Төсвийн шууд захирагчийн үр дүнгийн гэрээ, байгууллагын жилийн ажлын төлөвлөгөө, Аймгийн ЗДТГ-ын нэгдсэн төлөвлөгөө зэрэгт тусган хэрэгжүүлэхээр тогтлоо.

Аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулинд нийцүүлэн зорилт, арга хэмжээ, суурь үзүүлэлт, шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, шаардлагатай хөрөнгийн эх үүсвэр, хугацаа, хэрэгжүүлэх байгууллага гэсэн бүтэцтэй:

  • Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого
  • Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн бодлого
  • Дэд бүтэц, төв суурингийн хөгжлийг хангах бодлого
  • Байгаль орчин ногоон хөгжлийн бодлого
  • Нийгмийн хөгжлийн бодлого
  • Нутгийн удирдлага, хууль хяналтын бодлого гэсэн 6 салбарын хүрээнд боловсруулан Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн гарсан санал дүгнэлтийг төсөлд тусган, хурлын хороодоор салбар бүрээр дүгнэлт гаргуулан Аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахаар танилцуулж байна.

 

Аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хэрэгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөгөөний төсөл, танилцуулга та бүхэнд бүрэн эхээрээ хүрсэн тул дээр дурдсан бүлгүүдээр тоймлон илтгэе.

Нэг.Эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах бодлогын хүрээнд:

Орон нутгийн хэрэгцээг өөрийн аймгийн үйлдвэрлэгч нарын үйлдвэрлэсэн  бүтээгдэхүүнээр ханган, үйлдвэрлэлээ хөгжүүлж мөнгөний гадагш урсгалыг зогсоож зах зээлд өрсөлдөх чадвартай, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээ давамгайлсан, тогтвортой өсөлттэй, өөрийгөө тэтгэх, оновчтой бүтэц бүхий эдийн засагтай хөгжлийн загвар аймгийн эхлэлийг тавих зорилгоор 10 зорилт, 29 арга хэмжээг дэвшүүллээ.

Ирэх онд аймгийн эдийн засгийн өсөлтийг түргэтгэх бусад эдийн засгийн салбаруудын үйлдвэрлэлийг дэмжих томоохон дараах үйлдвэрүүдийг гадаад дотоодын болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар байгуулахаар үндсэн чиглэлийн төсөлд тусгалаа. Үүнд:

  • Жилдээ 30000-40000 тн төмс боловсруулж 4000 тн цардуул үйлдвэрлэх цардуулын үйлдвэрийн зураг төсөв ТЭЗҮ-г боловсруулан ХХААЯ-нд уламжилсан бөгөөд Польш улсын зээлийн хөрөнгөөр байгуулах шийдвэрт хүрлээ,
  • Баянжаргалан суманд 6600 мвт-ын цахилгаан станц байгуулах төслийг дэмжин төр, засгийн байгууллагатай  хамтран ажиллаж үйл ажиллагааг эхлүүлэх,
  • Ноолуур угаах, самнах анхан шатны боловсруулалтын үйлдвэрийг ашиглалтад оруулах, Электрон хавтан /PCB/-гийн үйлдвэр байгуулах асуудлыг шийдвэрлэх,
  • Цайны ургамал тариалж цайны үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлэх,
  • Баяндэлгэр сумын “Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр”-ийн төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлүүлэх,
  • Баян сумын нутагт БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Жилдээ нэг сая хонин толгой мал нядалж, мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай “Мах боловсруулах цогцолбор үйлдвэр” байгуулах төслийг дэмжин хамтран ажиллаж эхний ээлжийн үйлдвэрийг ашиглалтад оруулах,
  • Биеийн тамирын хувцасны “Олимп” төсөл, сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрийг дэмжин орон нутагт байгуулах юм.

Дээрх үйлдвэрүүдийн үйл ажиллагааг эхлүүлснээр аймгийн эдийн засгийн бааз суурь бэхжиж иргэд тогтвортой ажлын байраар хангагдаж төсөвт орох орлого нэмэгдэх юм. Мөн ЖДҮ 27 хөтөлбөрийг хэрэгжүүлж үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжин үйлдвэрлэл, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилтуудыг дэвшүүллээ.

Татварын бааз суурийг өргөжүүлж, татварт хамрагдалтын түвшинг нэмэгдүүлэх чиглэлээр татварын бүртгэл, хураалтын системийг боловсронгуй болгох арга хэмжээг авч, татварын тогтвортой орлогын эх үүсвэрийг бий болгохын зэрэгцээ Төсвийн төлөвлөлт, хэрэгжилтийн явцад иргэд, олон нийтийн оролцоог хангах замаар төсвийн болон орон нутгийн хөгжлийн сангийн зарцуулалтыг үр ашигтай болгож, төсвийн ил тод байдал, төсвийн сахилга хариуцлагыг дээшлүүлнэ.

Орон нутаг дахь санхүүгийн зах зээлийн үйл ажиллагааг идэвхжүүлж жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих чиглэлээр банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо байгуулах үүсгэл санаачлагыг дэмжин иргэдийн 1072 хувьцааны  дансыг нээлгэн хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөл боломжоор хангана.

Хоёр. Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн бодлогын хүрээнд:

Аймгийн эдийн засгийн үндсэн салбар ХАА-н үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт тэргүүн туршлагыг нэвтрүүлэн, ажиллагсдын хөдөлмөрийн бүтээмж, үнэлэмжийг ахиулан үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлж, “Эрүүл хүнсЭрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөр, “Мах, сүүний анхдугаар аян”, “Атрын III аян”-ыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж энэ салбарын үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлж иргэдээ эрүүл, аюулгүй хүнс, бүтээгдэхүүнээр хангах 27 зорилт, 78 арга хэмжээг төлөвлөлөө.

Бэлчээрийн малын үүлдэр угсааг нутгийн шилмэл омог, үүлдрээр сайжруулах, тодорхой бүс нутгуудад мах, сүү болон  хосолмол ашиг шимт кластерийн загвар фермийн аж ахуйг үргэлжлүүлэн байгуулж, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэн мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлнэ.

“Нүүдлийн мал эмнэлэг” төсөл, малчдын хөрөнгө, санхүүгийн оролцоотой мал эмнэлгийн үйлчилгээний нэгж, хоршоо байгуулах үүсгэл санаачилгыг дэмжин, сумдын мал эмнэлгийн нэгжийн хүчин чадлыг нэмэгдүүлж мал сүргийг гоц халдварт болон халдварт паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, эрүүлжүүлэх ажлыг эрчимжүүлж, халдварт өвчингүй бүс нутаг болох нөхцөлийг бүрдүүлнэ.

Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулж бэлчээрийн хортон цайвар үлийчтэй тэмцэх ажлыг 70.0-с доошгүй мян.га-д зохион байгуулан, усжуулалтыг нэмэгдүүлж хөдөөгийн усан хангамж, хүрэлцээг сайжруулах ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, мөн гар худаг шинээр гаргасан болон сэргээн засварласан малчид, иргэдийг урамшуулна.

“Аймгийн газар тариалангийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлж, “Үр”, “Уринш бордоо, ургамал хамгаалал”, Техник, технологи, боловсон хүчний хангалт”, “Жимс жимсгэнэ”, “Хүнсний ногоо” дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг ханган, Монгол улсад АТАР газар эзэмшиж, газар тариаланг бие даасан салбар болгон хөгжүүлсний 60 жилийн ой угтан аймгийн “Атар 60” бүтээлч ажлын төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлнэ.

Хүнсний ногооны үйлдвэрлэлийг 2 дахин нэмэгдүүлэх зорилтыг хангаж далд хөрсний аж ахуй хүлэмжийн ногооны тариалалтыг нэмэгдүүлж, өрхийн аж ахуй, хувиараа хөдөлмөр эрхлэлтийг бодлогоор дэмжиж ажиллана.

Стратегийн гол бүтээгдэхүүн болсон улаан буудайн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, хөрсний үржил шимийг дэмжих, нутагшсан сайн чанарын үрийн хангалт, нөөцлөлтийг нэмэгдүүлнэ. Аймгийн тэжээл үйлдвэрлэлийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж, малын тэжээлийн ургамалын үрийн аж ахуйг шинээр байгуулах, малын тэжээлийн ургамлын тариалалт, үйлдвэрлэлийг ашиг шимийн чиглэлтэйгээ уялдуулан нэмэгдүүлж  олон найрлагат болон багсармал, холимог, эрдэс тэжээл бэлтгэх ажлыг хэрэгжүүлнэ.

Монгол улсын Засгийн газрын хүнс үйлдвэрлэгч, экспортлогч орон болох зорилт “Үйлдвэржилт 21:100”, аймгийн ЖДҮ-27 хөтөлбөр, Ноолуур хөтөлбөрийг хэрэгжүүлэн, орон нутгийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц жижиг дунд үйлдвэр, цехийг байгуулах ажлыг эрчимжүүлэн, орон нутгийн үйлдвэрлэгчдээс дотоодын худалдан авалт хийх, бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх үйл ажиллагааг дэмжиж ажиллана.

Гурав. Дэд бүтэц, төв суурингийн хөгжлийг хангах бодлогын хүрээнд:

Дэд бүтцийн хөгжил, бүс нутгийн сүлжээг тэлэх замаар хүн амын нийгмийн хөгжил, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах 13 зорилт, 62 арга хэмжээг төлөвлөлөө. Олон улсын нисэх онгоцны буудал түүний дагуул хот, Майдар эко хот, Шинэ Зуунмод зэрэг энэ бус нутагт шинээр байгуулагдах хотуудын харилцан уялдаа бүхий хөгжлийн төлөвлөлтийг хангаж шинжлэх ухаан, нийгэм соёл, дэд бүтэц, тээвэр логистик, аялал жуулчлал, өндөр технологийн үйлдвэр, банк, санхүү олон улсын жишигт нийцсэн үйлчилгээний салбарууд бүхий “БҮС” нутаг болгох эхлэлийг тавина.    “Төвийн бүсийн тулгуур төв-Зуунмод хот”-ын ерөнхий төлөвлөгөөг шинэ бүтээн байгуулалтуудтай уялдуулан батлуулж шинэ хороолол суурьшлын бүсүүдийн суурь дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөж улмаар 2 дахь 1000 айлын орон сууцны хороолол байгуулах зураг төслийг эцэслэн боловсруулж дэд бүтцийн ажлыг эхлүүлэх, эхний 1000 айлын орон сууцны барилгажилтыг дуусгах, зарим байршил дээр дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууцны шинэ барилгууд барих, түрээсийн орон сууц хөтөлбөрийг өргөжүүлэх, гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох ажлыг үргэлжлүүлнэ. БСШУС-ын яамтай хамтран шинжлэх ухаан-технологи-үйлдвэрлэлийн  нэгдлийг хангасан шинжлэх  ухааны  паркийг байгуулах ажлыг эхлүүлэхээр төлөвлөлөө.

Зуунмод дулааны станцын барилгын ажил, түгээх салбар шугам сүлжээ, цэвэр усан хангамж, бохир ус зайлуулах байгууламж, бусад дэд бүтцийг шинэчлэх ажил, Эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээтэй уялдуулан 35/10кВ-ын Зуунмод дэд станцын трансформаторын хүчин чадлыг өргөтгөх, Зуунмод-Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудлын чиглэлд хатуу хучилттай авто зам барих зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Төсөвт байгууллагуудын барилга, байгууламжид засвар шинэчлэлт хийхдээ дээврийн засварыг орхигдуулсан, чанаргүй хийсэн зэргээс болж төсөвт байгууллага, ялангуяа нийгмийн салбарын ихэнх байгууллагын дээврээс бороо гоожиж дахин засвар шинэчлэлт хийх бодит байдал бий болсон тул “Дээвэр” төслийг хэрэгжүүлж тулгамдсан асуудлыг шийдвэрлэн сумын төв, суурин газруудыг хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй болгох ажлыг үргэлжлүүлэн хийж, сумдад хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу бүтээн байгуулалтын ажлуудыг хийх, зарим сумын төвийг нэгдсэн халаалтанд шилжүүлэнэ.

Сумдад орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх ажлыг хувийн хөрөнгө оруулалт, орон нутгийн төсвийн нөөц бололцоонд түшиглэн ээлж дараатай хийхээр тусгалаа.

Монгол улсын засгийн газраас Улсын Их Хуралд өргөн барьсан 2019 оны улсын төсвийн төсөлд манай аймагт сургуулийн барилга, өргөтгөл 3 суманд цэцэрлэг, 2 суманд дотуур байр, 3 суманд спорт цогцолбор, 1 суманд соёлын төвийн засвар, 1 суманд, 2 сумын хатуу хучилттай авто зам, 1 сумын төмөр бетон гүүр барих хөрөнгө тусгагдсан байна.

Дэд бүтцийн хүрээнд бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хөрөнгийн эх үүсвэр дутагдалтай, хувийн хөрөнгө оруулалтаас шалтгаалах зэрэг эрсдэлүүд байгаа хэдий ч хийх ажлаа тодорхой болгож улс, аймаг төсөл хөтөлбөрийн хөрөнгө оруулалт, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад танилцуулж хөрөнгө оруулалт татах зэргээр бүхий л боломжийг хайж хэрэгжилтийг хангаж ажиллахаар төлөвлөж байна.

Дөрөв. Байгаль орчин ногоон хөгжлийн бодлогын хүрээнд:

Байгаль орчны даац чадамжид суурилж хүний үйл ажиллагаанаас хамааралтай доройтлыг хязгаарлан зүй зохистой ашиглах нөхөн сэргээх, хамгаалах үйл ажиллагааг, нутгийн иргэд тэдний үүсгэл санаачилгыг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж, байгальд ээлтэй хандлага, зөв дадлыг төлөвшүүлж, ногоон хөгжлийг хангах 11 зорилт, 31 арга хэмжээ төлөвлөлөө.

Байгалийг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, төрийн бодлогын хэрэгжилтийг хангаж, орон нутгийн хяналтыг сайжруулах арга хэмжээ авна. Орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг тууштай нэмэгдүүлэх арга хэмжээг авч, Байгаль орчинд ээлтэй сайн туршлага, сайн менежментийг нэвтрүүлж, буруутай үйл ажиллагааг таслан зогсоож, экологийн хохирол тооцох ажлыг шинэ шатанд гаргах ажлыг зохион багуулахаар тусгасан.

Уул уурхайн үйлдвэрлэлийн улмаас хөндөгдсөн, эвдэрсэн газрын бүртгэл хяналтыг сайжруулж нөхөн сэргээлтийн ажлын чанар стандарт хангалтыг нэмэгдүүлнэ. Орон нутгийн саналгүй болон хууль зөрчин олгогдсон тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулах ажлыг тууштай явуулна. Туул голыг бохирдуулж буй хүчин зүйлүүдийн нэг Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийг түргэтгүүлж “Цэнгэг туул” төслийн үр дүнг ахиулна.

Гол мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагийг тогтоосон Усан сан бүхий газрын 45%-иас доошгүй хувийг орон нутгийн хамгаалалтад авч, 22 булаг шанд, 1 рашааны эхийг тохижуулах ажлыг зохион байгуулна.

Хүн амыг эрүүл ахуй, стандартын шаардлагад нийцсэн ундны усаар хангаж, үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн ус хангамжийг сайжруулан усны нөөцийн хайгуул, эх үүсвэр, хуримтлалыг бий болгох, тогтвортой хөгжлийг тэтгэх үндсэн нөхцөл бий болгож ус түгээх сангуудыг засварлах, шинэчлэх, цахим карттай болгох замаар гэр хорооллын усан хангамж, түүний нөхцлийг сайжруулан аймаг, сумдын төвийн ундны усыг эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэн цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулна.

Хэрлэн голд загас үржүүлгийн газар байгуулах төслийн ТЭЗҮ-г мэргэжлийн байгууллагаар хийлгэж Хэрлэн голд загас үржүүлгийн ажлыг эхлүүлнэ.

Ойн менежментийн төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлж хортон шавьжтай тэмцэх ажил, ойжуулалт ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ.

Байгальд ээлтэй хандлага, зөв дадлыг төлөвшүүлэх замаар агаар, хөрсний бохирдлыг бууруулан “Хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөр, төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хог хаягдлыг ангилан ялгах, шатаах зуух, ландфилл байгуулах төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ. Мөн сумдын хог хаягдлыг цуглуулан тээвэрлэх автомашиныг шинэчлэх ажилд дэмжлэг үзүүлж хүн амыг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлнэ.

Цөлжилт газрын доройтол, бохирдлыг хязгаарлаж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нөхөн сэргээн сумдын цөлжилтийн шалтгаан, зэрэглэлийг тогтоох, цөлжилтийн үйл явцыг сааруулах шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа шинжилгээний ажил хийж тал хээрийн сум, суурин газарт элсний нүүдлээс хамгаалах зорилгоор тарьц суулгац нийлүүлж ногоон бүс байгуулна.

Тав. Нийгмийн хөгжлийн бодлогын хүрээнд:

Хүний хөгжлийг хангаж, иргэдэд үзүүлэх нийгмийн салбарын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан, ажлын байр, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, иргэдийн бодит орлогыг өсгөхөөр 19 зорилт, 47 арга хэмжээ төлөвлөлөө.

Боловсролын байгууллагад эрүүл, аюулгүй ээлтэй орчин бүрдүүлж, чанар хүртээмжтэй үйлчилгээг бий болгох зорилгоор Эрдэнэ, Баянжаргалан, Батсүмбэр, Баян  сумдад  нийт 470 ортой дотуур байр, Баян-Өнжүүл, Жаргалант сумдад 150 хүүхдийн цэцэрлэг шинээр ашиглалтад оруулж, цэцэрлэг, дотуур байрын хатуу зөөлөн эдлэл, тоглоом наадгайг ээлж дараагаар шинэчлэх, олон улсын байгууллага болон гадны төсөл хөтөлбөрөөр ариун цэврийн байгууламжтай болгох ажлуудыг зохион байгуулахаар тусгалаа. Мөн Суралцагч бүрийн сурлагын чанарт ахиц” гаргах, багш нарыг чадваржуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж “Зөвлөх багш нарын баг” –ийг ажиллууна.

Соёл урлагийн байгууллагын материаллаг бааз, мэргэжлийн боловсон хүчний хангалтыг сайжруулж, хөдөөгийн алслагдсан багт хүрч үйлчлэх үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлж, Монгол туургатан театрын урын сан, бүтээлийн чанар, мэргэжилийн боловсон хүчний хангалт, тогтвор суурьшлыг онцгой анхаарна. Аялал жуулчлалын салбартай хамтран ажиллаж, үйл ажиллагаагаа өргөжүүлэн шинэлэг менежментийг нэвтрүүлэн ажиллах зорилт арга хэмжээг тусгалаа.

Хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын оношилгоо, үзлэг шинжилгээний чадамжийг бий болгож, 2019 онд 11 сумыг мобайл технологийн иж бүрдлээр  хангаснаар 27 сумын алслагдсан багийн иргэдэд сахар, холестриний үзүүлэлтийг хэмжиж, эхо, зүрхний цахилгаан бичлэгийн үзлэг оношилгоог хийх  боломж нөхцөл бүрдэнэ.

Аймгийн нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангалт, орчин нөхцөлийг сайжруулан, зөөврийн рентген аппаратыг шийдэж “Сүрьеэгүй аймаг” болох хөдөлгөөн өрнүүлж, илрүүлэг үзлэгийг эрчимжүүлэн, “Эрүүл хүүхэд” аян хэрэгжүүлж, 0-18 насны хүүхдийг үзлэгт бүрэн хамруулах, эмчлэн эрүүлжүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулах зорилтыг дэвшүүллээ.

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжил, хамгааллыг сайжруулж, нийгмийн оролцоог хангах чиглэлээр Хүүхэд, залуучуудын хүмүүжил, төлөвшил, оролцоог дэмжих, харилцаа хандлагыг сайжруулах зорилгоор өсвөр үеийнхэнд “Оролцоод хөгжье”; “Бид нэг үеийнхэн” шинэлэг аргачлалуудыг хэрэгжүүлэх, орон нутгийн хөгжил дэвшилд залуучуудын идэвх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Манлайлагч  залуучууд” аян, “Төв + 2030- II оюутан залуучуудын чуулга уулзалтыг зохион байгуулж, оюутан залуучуудын цагийн ажил, цалинтай дадлага, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, зуучлах “Хөдөлмөрийн бирж”-ийг нээн ажиллуулахаар тусгалаа.

Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын чиглэлээр Ажил олгогч, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн хамтын ажиллагааг өргөжүүлж, аймгийн хөгжлийн чиглэлтэй уялдуулан мэргэжилтэй ажилтныг үйлдвэр дээрх болон мэргэжлийн түр сургалтаар бэлтгэн байнгын ажлын байраар хангана. Харилцаат мужуудад дадлагажигч ажилтан гаргана.

Зорилтот 1940 өрхийн хүн амын судалгаа, өөрсдийн хүсэл сонирхолтой нь уялдуулан мэргэжил олгох өөртөөн ажлын байр бэлтгэх үйл ажиллагааг нь төсөл зээлээр дэмжиж байнгын болон түр ажлын байранд зуучлах, орон гэрийнх нь нөхцлийг сайжруулах “Гэр” төсөл хэрэгжүүлэн амьжиргааг дээшлүүлэх зорилт, арга хэмжээг төлөвлөн боловсрууллаа.

Зургаа. Нутгийн удирдлага, хууль хяналтын бодлогын хүрээнд:

Мэдээллийн ил тод байдал, хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулж, албан хаагчдийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэх зарчмыг хэрэгжүүлэх 15 зорилт, 35 арга хэмжээ төлөвлөлөө.

Аймгийн хөгжлийн төслийн багийн үйл ажиллагааг эрчимжүүлж, тухайн сум байгууллагын онцлог хэрэгцээнд нийцсэн төсөл хэрэгжүүлэх, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж ажиллана.

Төр иргэн хоёрыг холбон ажиллаж буй анхан шатны нэгж багийг бэхжүүлэх, ажиллах нөхцөл, иргэдэд үйлчилгээ хүргэх боломжийг дээшлүүлэхээр “Баг-97″ төслийг баталсан бөгөөд ирэх онд  олон багтай болон тал хээрийн Баянцагаан, Өндөрширээт, Цээл сумдад дулааны улиралд багийн конторыг орлохуйц “Багийн явуулын төв”-ийн иж бүрдэлтэй болгох, багийн Засаг дарга нарт ажлын байрны чиг үүргээ хэрэгжүүлэх боломж нөхцөлийг нь хангана.

Зуунмод сумын Баянхошуу 3-р баг, Нацагдорж 5-р багийн конторын барилгыг шинээр барьж ашиглалтад оруулна.

Зүүн Хойд Азийн харилцаат бүс нутгуудын Засаг захиргаадын харилцаа хамтын ажиллагааны Дээд хэмжээний уулзалт 24 дэх удаагийн Саммит, Саммитын бэлтгэл ажлын зөвлөгөөнийг өөрийн аймагт зохион байгуулж, Гадаад харилцааг эдийн засагжуулж шууд харилцаат мужуудад зохион байгуулагдах уулзалт, арга хэмжээнд оролцож өөрийн аймгийн байр суурыг илэрхийлж, эдийн засаг, худалдаа, үйлдвэрлэл, бизнес, ХАА, эрүүл мэнд, боловсрол, спортын зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн, гүнзгийрүүлж, салбаруудыг харилцаат мужуудын ижил төстэй байгууллагуудтай хамтын ажиллагаатай болгох талаар дэмжиж ажиллана.

Гамшгаас хамгаалах хууль тогтоомжийг хэрэгжүүлэн гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулж Мөнгөнморьт, Батсүмбэр суманд гал түймэр унтраах аврах анги, Баян, Лүн суманд эрэн хайх аврах бүлэг байгуулан үйл ажиллагааг тогтмолжуулж ажиллах нөхцөлөөр хангана.

Батлан хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, цэргийн насны болон бэлтгэл үүрэгтнүүдийн бэлэн байдлыг дээшлүүлж орон нутгийн хамгаалалтын шинэ хуулийн хэрэгжилтийг хангана. Аймгийн хэмжээний цэргийн “Бэлтгэл сургалтын төв”-тэй болох ажлыг эхлүүлнэ.

Аймгийн хэмжээнд төрийн бүх үйлчилгээнд нэгдсэн стандарт тогтоож, чадварлаг, ёс суртахуунтай мэргэшсэн төрийн албыг бий болгох зорилгоор Чанарын удирдлагын тогтолцоо ISO олон улсын стандартыг аймгийн ЗДТГ-т нэвтрүүлэх ажлыг зохион байгуулна.

Төрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж Захиргааны шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтнуудын нийтээр дагаж мөрдөх шийдвэрүүдийг захиргааны ерөнхий хуульд нийцүүлэх, Хүний суурь эрхийг хангах талаар суурь судалгааны программыг нэвтрүүлэх, Мал хулгайлах гэмт хэрэг болон Архидан согтуурахтай тэмцэх хяналт тавих хууль тогтоомжуудын хэрэгжилтийг эрчимжүүлж, хяналт шалгалт хийх, сумдад олон нийтийн цагдаагийн ажилтныг нэмж ажиллуулах зэрэг зорилтыг дэвшүүллээ.

Үндсэн чиглэлд тусгагдсан дээрх зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд улс, орон нутаг, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрөөс 77.4 тэрбум төгрөгийн  санхүүгийн эх үүсвэр шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоо гараад байна.

Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хангахад аймаг, сумын болон төрийн байгууллагуудын ажлын уялдаа, бодлогын нэгдмэл байдлыг хангаж, ажлын үр дүн, хариуцлагыг дээшлүүлж хувийн хэвшил, банк санхүү, гадаад дотоодын хөрөнгө оруулагчид, иргэд, иргэний нийгмийн байгууллагын оролцоо дэмжлэгийг авч ажиллахаар тооцож байна.” хэмээн танилцууллаа.

ХУВААЛЦАХ

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих