“ТӨВ ТҮМНИЙ ЦЭНГЭЛ 2018” БАЯР НААДМЫН АРГА ХЭМЖЭЭ БАЯНЦОГТ СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“ТӨВ ТҮМНИЙ ЦЭНГЭЛ 2018” БАЯР НААДМЫН АРГА ХЭМЖЭЭ БАЯНЦОГТ СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

382

Төв аймгийн морин спорт уяачдын холбооноос ирүүлсэн хүсэлтийн дагуу Аймгийн Засаг даргын 2018 оны А/441 дүгээр захирамжаар Монгол үндэсний уламжлалт зан заншил, нүүдэлчдийн соёл, амьдралын хэв маяг, байгаль, хүн, мал аж ахуйн өвөрмөц харилцан шүтэлцээг илэрхийлсэн аялал жуулчлалын эвент арга хэмжээ “Төв түмний цэнгэл 2018” анхдугаар баяр наадмын арга хэмжээ 7 сарын 22-нд Баянцогт суманд амжилттай зохион байгуулагдлаа. Төв түмний баяр наадмын арга хэмжээний хүрээнд шигшмэл хурдан морины уралдаан, хүчит бөхийн барилдаан, үндэсний сурын харваа, шагайн харваа болон монголын өв соёлын илэрхийлэл болсон хүрээ цамын бүжиг, шилдэг хос морьтон, сайхан эдлэл хэрэглэл шалгаруулах, айрагны баяр, дэмбээний тэмцээн, үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдсан юм.

АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ШИГШМЭЛ ХУРДАН МОРЬДЫН АНХДУГААР УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Төв түмний цэнгэл 2018” баяр наадамд дээд гурван насны шигшмэл хурдан хүлгүүд тоосоо өргөснөөс Азарга насны уралдаанд 96 азарга уралдсанаас Баянцогт сумын уяач Ц.Жамбалсүрэнгийн зээрд халзан азарга түрүүлж, Баян сумын уяач Б.Мөнхцогын халтар азарга аман хүзүүдсэн бол Борнуур сумын уяач В.Баянтогосын ягаан азараг айргийн гуравт, Аргалант сумын уяач П.Гэлэнхүүгийн хээр азарга айргийн дөрөвт, Баянцогт сумын уяач Д.Сугарын ухаа халзан айргийн тавд хурдаллаа.

Их насны морьдын уралдаанд 136 их нас уралдсанаас Борнуур сумын уяач М.Сайнзаяагийн бор морь түрүүлж, Батсүмбэр сумын уяач Ц.Цоггэрэлийн саарал морь аман хүзүүдэж, Баянцогт сумын уяач Ц.Батхүлэгийн цоохор морь айргийн гуравт, Сэргэлэн сумын уяач Доржийнямбуугийн хонгор морь айргийн дөрөвт, Зуунмод сумын уяач Б.Бямбалхагвын хул морь айргийн тавд хурдалж торгон жолоо өргүүллээ.

Соёолон насны морьдын уралдаанд 104 соёолон уралдсанаас Батсүмбэр сумын уяач Г.Батсайханы хээр соёолон түрүүлж, Батсүмбэр сумын уяач Г.Батбилэгийн хонгор халзан соёолон аман хүзүүдсэн бол Баянцогт сумын уяач Ц.Жамбалсүрэнгийн халиун соёолон айргийн гуравт, Мөнгөнморьт сумын уяач Т.Баатармөнхийн хонгор халзан соёолон айргийн дөрөвт, Борнуур сумын уяач Ц.Нарангэрэлийн сартай хар соёолон айргийн тавд хурдалж уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олноо баясгалаа.

ТӨВ ТҮМНИЙ ЦЭНГЭЛ 2018 БАЯР НААДМЫН ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНД 30 ХАРВААЧ ЦЭЦ МЭРГЭНЭЭ СОРЬЛОО

“Төв түмний цэнгэл 2018” баяр наадмын үндэсний сурын харваанд Монгол улсын мэргэн 1, МУ-ын ноц харваач 1, спортын мастер 6, нийт 13 сумын 30 харваач оролцсоноос эрэгтэйчүүдийн төрөлд Зуунмод сумын харъяат Спортын мастер, аймгийн мэргэн С.Энхбаяр 40 сумнаас 31 онож тэргүүлсэн бол Баян-Өнжүүл сумын харъяат Төв Чандмань ДЭХГ-ын харваач М.Өлзийбаатар 40 сумнаас 25 онож 2 дугаар байрт, Аргалант сумын харъяат Спортын мастер  Аймгийн мэргэн Д.Жамбалдорж 40 сумнаас 24 онож 3 дугаар байрт, Эрдэнэ сумын харъяат Спортын дэд мастер  О.Дашням 40 сумнаас 22 онож 4 дүгээр байрт, Баянцагаан сумын харъяат залуу харваач Б.Уянга 40 сумнаас 19 онож 5 дугаар байрт шалгарсан бол эмэгтэйчүүдийн сурын харвааны төрөлд Баян-Өнжүүл сумын харъяат Монгол улсын мэргэн Г.Батзаяа 40 сумнаас 29 онож түрүүлсэн бол Борнуур сумын харъяат Д.Бадамхорлоо 40 сумнаас 28 онож 2 дугаар байрт, Батсүмбэр сумын харъяат Г.Батчимэг 40 сумнаас 28 онож 3 дугаар байрт, Аргалант сумын харъяат спортын мастер Э.Жаргалдулам 40 сумнаас 27 онож 4 дүгээр байрт, Зуунмод сумын харъяат МУ-ын өсөх идэр мэргэн Б.Санчирнаран 40 сумнаас 26 онож 5 дугаар байрт шалгарлаа.

ТӨВ ТҮМНИЙ ЦЭНГЭЛ 2018 БАЯР НААДМЫН ШАГАЙН ХАРВААНЫ ТЭМЦЭЭНИЙГ БАЯНЦАГААН СУМЫН БАГ ТЭРГҮҮЛЛЭЭ

“Төв түмний цэнгэл 2018” баяр наадмын шагайн харвааны тэмцээнд 20 сумын 24 багийн 172 харваач оролцсон бөгөөд МУ-ын үлэмж дархан мэргэн 4, МУ-ын гарамгай мэргэн 2, МУ-ын харишгүй мэргэн 3, МУ-ын мэргэн 4, Харьшгүй мэргэн 2, Аймгийн гоц мэргэн 21 цэц мэргэнээ сорьсноос тэргүүн байрыг МУ-ын Үлэмж дархан мэргэн Ц.Энхбат ахлагчтай Баянцагаан сумын баг тэргүүн байрт, Д.Цолмон ахлагчтай Төв Эрчим баг 2 дугаар байрт,  А.Ганхуяг ахлагчтай Монгол туургатан театр”-ын баг 3 дугаар байрт, Аймгийн гоц мэргэн Б.Энхсайхан ахлагчтай Өндөрширээт сумын баг 4 дүгээр байрт, Аймгийн гоц мэргэн Л.Ихбаяр ахлагчтай Бүрэн сумын баг 5 дугаар байрт, Аймгийн гоц мэргэн Р.Ариунбаатар ахлагчтай Аргалант сумын баг 6 дугаар байрт шалгарлаа.

ТӨВ ТҮМНИЙ ЦЭНГЭЛ 2018 БАЯР НААДМЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААНД МУ-ЫН ХАРЦАГА Ө.ДАВААБААТАР ТҮРҮҮЛЛЭЭ

 “Төв түмний цэнгэл 2018” баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд Улс, аймгийн алдар цолтой хүчит 96 бөх барилдсанаас Төв аймгийн Баянцогт сумын харъяат ДЭХГ, “Дунд-Урт” ХК-ний бөх Монгол улсын харцага Ө.Даваабаатар 7 даван түрүүлсэн бол Төв аймгийн Заамар сумын харъяат Цагдаагийн газрын бөх, Монгол улсын Өсөх идэр начин Ж.Отгонбаяр 6 даван үзүүрлэлээ. Төв аймгийн Баяндэлгэр сумын харъяат “Багануур” ХК-ний бөх Монгол улсын Өсөх идэр начин Ч.Батчулуун 5 даван их шөвөгт шалгарсан юм.

“Төв түмний цэнгэл 2018” баяр наадмын үеэр 64 дэсийн 69 үзмэрээр “Монгол ахуй” нүүдлийн үзэсгэлэн гаргасан бөгөөд 967 үзэгчдэд үзүүлэн сурталчиллаа. Мөн наадамд оролцогчдын дунд “Хос морьтон”, “Монгол эрчүүдийн гоёл”, “Сайхан айраг”, “Дэмбээний тэмцээн”-ийг зохион байгуулсан бөгөөд эдгээр тэмцээн, уралдаанууд нь хуран цугларсан наадамчин олныг баясгасан, олны талархлыг хүлээсэн үйл ажиллагаа болсон юм.

“Хос морьтон” тэмцээнд унасан морь, өмссөн дээлээрээ ижилссэн 8 сумын хос морьтонгууд оролцсон бөгөөд тэргүүн байранд Лүн сумаас оролцож байгаа Н.Энхбаяр, Т.Хишиг-Очир нар шалгарсан  бол Баянцогт сумаас оролцсон н.Анхбаатар, н.Дуламсүрэн нар 2 дугаар байрт, Алтанбулаг сумаас оролцсон Отгон-Өлзий, Жимсмаа нар 3 дугаар байрт шалгарсан юм. Мөн “Монгол эрчүүдийн гоёл” тэмцээний төрөлд Дэлгэрхаан сумын оролцогч н.Доржсүрэн шалгарлаа. Тус тэмцээнд оролцогчдын морьд, хувцас хэрэглэл, морины тоноглолын ур хийц, иж бүрдэл зэргийг харж шалгаруулалтаа явуулсан гэдгээ шүүгчид хэлж байсан юм.

Баяр наадмын үеэр зохион байгуулагдсан үзэсгэлэн худалдаанд оролцогчдын бүтээлүүдээс сонгон “Гар урлалын төрөл”-ийн шилдгүүдийг тодруулсан бөгөөд үзэгч, наадамчдын сонирхлыг хамгийн их татаж байсан ширэн хөхүүр, суран эдлэлээрээ Дэлгэрхаан сумын оролцогч Ц.Баярбат тэргүүлсэн бол Лүн сумын оролцогч Т.Түмэннаст ширлэсэн эмээлийн мод, модон домбо бүтээлээрээ 2 дугаар байрт, Алтанбулаг сумын оролцогч Б.Мөнхцэцэг гяраг бүс, морины олонцог бүтээлээрээ 3 дугаар байрт тус тус шалгарлаа.

Дэмбээний тэмцээнд 27 сумын 27 баг 5 хүний бүрэлдэхүүнтэй оролцсоноос Баянцогт сумын баг тэргүүлж, Баянжаргалан сумын баг 2 дугаар байрт, Дэлгэрхаан сумын баг 3 дугаар байрт тус тус шалгарсан бөгөөд “Сайхан айраг”-ны төрөлд Сүмбэр сумын 2 дугаар багийн иргэн н.Баярбат шалгарсан юм.

 

 

 

 

 

ХУВААЛЦАХ

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих