Төв аймгийн ИТХ танилцуулга, түүхэн замнал

Төв аймгийн ИТХ танилцуулга, түүхэн замнал

124

ТҮҮХЭН ЗАМНАЛ, ТУРШЛАГА, СУРГАМЖ

  • Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн болон богино хугацааны бодлого, хөтөлбөр, шаардлагатай дүрэм журам боловсруулах
  • Аймгийн эдийн засгийн салбаруудын чадавхийг дээшлүүлэхэд чиглэсэн оновчтой бодлого зохицуулалтаар хангаж байгальд ээлтэй тогтвортой хөгжлийг хангах
  • Аймгийн нийгэм, соёлын салбарын хөгжлийг ахиулах оновчтой бодлого зохицуулалтаар хангах
  • Төв, суурин газрын тохижилт, нийтийн үйлчилгээг сайжруулах
  • ОНӨ-ийн эзэмшилт, ашиглалт, үр ашгийг дээшлүүлж, ОНӨ-т аж ахуйг хөгжүүлэх
  • Хууль ёс сахиулах, нийгмийн дэг журмыг бэхжүүлэх

Аймгийн ИТХ-ын стратегийн зорилтууд

            1992 оны Үндсэн хууль нийгмийн харилцааг цоо шинэ нөхцөлд шилжүүлэхдээ өмнөх тогтолцооны үед төрийн эрх барих шинжийг агуулсан Хурлуудыг НӨУЁ-ний байгууллага болгон  шинэчлэв. Энэ агуулгаар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн  хамт олон өөрийн аж амьдрал, ашиг сонирхолтой холбогдсон асуудлаа өөрөө шийдвэрлэж, өөрөө хариуцахаар болов. Ингэхдээ “Монгол улсын ЗЗНДН-ийн удирдлага нь НӨУЁ-ыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ” гэж хоёр эх үүсвэрийг заагаад “НӨУБ бол аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн ИТХ, баг хороонд ИНХ, тухайн хуралдааны чөлөө цагт түүний Тэргүүлэгчид” байна хэмээн зааж өгсөн билээ.

Хурлын чадавхи төлөөлөгчөөсөө:

Үндсэн хууль, ЗЗНДНТУТ хууль батлагдуут Төв аймагт 1992 оны 9 сард Иргэдийн төлөөлөгчдийн болон иргэдийн нийтийн хурлууд байгуулах анхны сонгууль баг бүрийн ИНХ-аас багийнхаа Хурлын дарга, тэргүүлэгчдийг сонгосноос гадна сумын ИТХ-ын төлөөлөгчдийг сонгов. Сумын хурал нь тэргүүлэгчид, түүний дарга, нарийн бичгийн даргаа сонгосны дээр аймгийн ИТХ-д нэг сумаас 3, аймгийн төвийн сумаас 5 төлөөлөгч сонгож нийтдээ 83 төлөөлөгчөөр аймгийн хурал бүрдэв. Харин УИХ-ын 1994 оны 153-р тогтоолоор ЗЗНДНТУт хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 20 мянгаас дээш хүн амтай аймгийн төвийн сумаас аймгийн ИТХ-д 5 төлөөлөгч нэмж сонгуулснаар 1994 онд 88 төлөөлөгчтэй ажиллажээ. Тэдний 84,3 хувь нь дээд боловсролтой, эдийн засагч, нягтлан бодогч, ХАА-н мэргэжилтнүүд, багш, эрхэлсэн ажлын хувьд тэр үеийн Ардын хурлын тэргүүлэгчдийн дарга, гүйцэтгэх захиргааны дарга нар компаний захирлууд зонхилж оржээ. 1996 оны сонгуулиар засаг захиргааны нэгжийг төлөөлсөн 27, намуудын нэрийн жагсаалтаар 8, бие даагч 1 бүгд 36 төлөөлөгч, үүний 6 нь эмэгтэй, 33 нь дээд боловсролтой байв. Эдгээр жилүүдэд МАХН, МҮАН, МСДН-ын төлөөлөл Хуралд сонгогдож, МАХН-ын төлөөлөл олонх болж иржээ.

Хорин жилийн хугацаанд хуулиуд өөрчлөгдөж тавдахь удаагийн сонгуулиар аймгийн ИТХ-д 35 төлөөлөгч сонгогдсоны 26 нь эрэгтэй, 9 нь эмэгтэй, дээд боловсролтой 32, үүнээс магистр 9, тусгай дунд боловсролтой 2, дунд боловсролтой 1, гадаадын 2-3 хэлтэй 11 төлөөлөгч, өмнө нь аймаг, сумын хуралд сонгогдсон туршлагатай 24 хүн байна. Одоо аймгийн хурлын 35, сумын хурлын 521 төлөөлөгч, БИНХ-ын тэргүүлэгч 700 шахам хүн ажиллаж байна.

Бүх шатны хурлууд нь сонгогч олон түмний итгэл дээр тогтсон байгууллага юм. Итгэлийг хадгалагч анхдагч субъект нь Хурлын төлөөлөгч.

Төлөөлөгч бол нутаг дэвсгэрийнхээ иргэдийн итгэлийг хүлээж, тэдний язгуур эрх ашиг, нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг хамгаалж, хөгжүүлэх, мэдлэг чадвараа энэ бүхэнд харамгүй зориулж, хөгжил дэвшлийн төлөө олон түмнээ манлайлахаар үүрэг хүлээж сонгогдсон элч юм. Сагил сумын Сүхбаатар:

Төлөөлөгч бид-түмний төлөөлөл

Төрж өссөн нутгийнхаа хэтийн ирээдүйд зовниж

Түмэн олон ардынхаа хүсэл, зорилгыг өвөрлөж

Төр түмэн хоёрынхоо гүүр болон холбогдож

Төрөлх энэ л нутгийнхаа нүүр болон зогсч” ажиллах учиртайг уриалан шүлэглэжээ.

 Эхний он жилүүдэд төлөөлөгч заримдаа иргэдийн төлөөлөл гэдгээ умартаж, улс төрийн намд “бурантаглуулан хөтлөгдөх”, бүлэглэж хуйвалдах, аймаг сум, ард олны эрх ашиг гэхээсээ намын, хувийн талаа бодох, албан тушаалд шунаж “хор найруулах”, олон ургалч үзэл уралдуулна гэдгийг маргаан цурмаан болгож, хуралдаж чадахгүй удах, хуралдаан хаях, огцрох явдал ч гаргаж байв. Хурлын зарим төлөөлөгч тайлан тавьж иргэд сонгогчидтойгоо уулзалт хийдэггүйгээс, сонгогчдынх нь санаа бодол шийдвэрт тусдаггүй, хурлынх нь шийдвэр иргэддээ хүрдэггүй, амлалт хөтөлбөр нь хэрэгждэггүй дутагдал арилаагүй л байна.

Төлөөлөгчдийн мэдлэг чадвараас хуралдааны шийдвэр, хурлын үйл ажиллагааны чадавх, нөлөөлөл, нэр хүнд хамаарах тул тэдний эрх зүй, ажил хэргийн мэдлэг чадварыг дээшлүүлэхэд энэ хугацаанд хийсэн төвлөрсөн болон төсөл хөтөлбөрийн, сэдэвчилсэн, бүсчилсэн сургалтын агуулга чиглэж иржээ.

Төлөөлөгчдөд бид сүүлийн жилүүдэд “Бодлого боловсруулах арга зүй”, “Судалгаа дүгнэлт гаргах арга зүй”, хяналт шалгалт явуулах арга барилын зэрэг тодорхой зөвлөмжүүд боловсруулан өгч онол арга зүйн чиглэлээр эрдэмтэд мэргэжилтнүүдээр хичээл заалгаж, хуралдаанд хэлэлцэх асуудалтай холбогдох хуулийн лавлагаа, хурлаас батласан шийдвэрүүдээр улирлын “Мэдээлэл”, “Төв аймгийн НӨУБ-ын товч түүх”, “Тогтоол, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө” 4 боть ном хэвлэж өгчээ.    

            Хурлын төлөөлөгчдийг сонгогчидтойгоо болон хуралдаа ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд зохих хэмжээний төсөв батлан олгож, хуралдаанд болон хорооныхоо шалгалтаар сумдад ажиллахад унаа, томилолт, ажиллах нөхцлийг нь бүрдүүлж, албан бичгийн хэвлэмэл хуудастай болголоо. Мөн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг судлах санал дүгнэлт гаргах цаг хугацааны бололцоог олгож ирэв.

ХУВААЛЦАХ

Сэтгэгдэл байхгүй байна.

Сэтгэгдэл бичих