ТӨВ АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ 96 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМД ГАЗАР ГАЗРЫН ШАНДАСТ ХУРДАН...

ТӨВ АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ 96 ЖИЛИЙН ОЙН БАЯР НААДАМД ГАЗАР ГАЗРЫН ШАНДАСТ ХУРДАН ХҮЛГҮҮД АЛТАН ТООСОО ӨРГӨЛӨӨ

58

Их Монгол улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98, Төв аймаг байгуулагдсаны 96, Монгол улсын Төрийн шагналт, Ардын жүжигчин Билэгийн Дамдинсүрэн, Лувсанжамбын Мөрдорж нарын мэндэлсний 100 жилийн ойн баяр наадмын хурдан морьдын уралдаанд газар газрын хурдан буян цуглаж, алтан тоосоо өргөн наадамчин олны хийморийг сэргээлээ. Монголчууд эртнээс морин эрдэнээ дээдэлж тэргүүндээ залж ирсэн ард түмэн. Тиймээс хурдан морьдын уралдааныг шимтэн үзэж, баясдаг билээ. Төв аймаг байгуулагдсаны 96 жилийн ойн баяр наадмын хурдан Азарганы уралдаанд 91 азарга уралдсанаас Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Ч.Ган-Очирын хүрэн азарга түрүүлж, Төв аймгийн Баянхангай сумын алдарт уяач Н.Эрдэнэбаярын хонгор азарга аман хүзүүдэж, Төв аймаг Баян сумын уяач Д.Мөнхцогийн халтар азарга айргийн гуравт, Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уяач Г.Түмэндэлгэрийн хонгор азарга айргийн дөрөвт, Төв аймаг Баян-Өнжүүл сумын уяач Г.Түмэндэлгэрийн зээрд азарга айргийн тавд тус тус хурдалж унасан хүүхэд, уясан эзэн, наадамчин олноо баясгалаа.

Хурдан Их насны морьдын уралдаанд 138 их морь уралдсанаас Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Х.Доржийнямбуугийн хонгор морь түрүүлж, Төв аймгийн Батсүмбэр сумын уяач Б.Бөхбатын бор морь аман хүзүүдэж, Төв аймгийн Сэргэлэн сумын уяач, аймгийн алдарт уяач П.Дамдинлхагвын халиун морь айргийн гуравт, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уяач С.Аваажигмидийн хул морь айргийн дөрөвт, Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Б.Төрболдын хүрэн морь айргийн тавд хурдаллаа.

Хурдан Соёолон насны морьдын уралдаанд 70 хурдан буян алтан тоосоо өргөснөөс Төв аймгийн Зуунмод Ж.Болдбаатарын хүрэн соёолон түрүүлж, Төв аймгийн Алтанбулаг сумын уяач М.Мижидсамдангийн зээрд соёолон аман хүзүүдэж, Увс аймгийн Өвөрхангай сумын уяач С.Сандагдоржийн сартай хүрэн соёолон айргийн гуравт, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уяач Ц.Бямбацогтын хүрэн халзан соёолон айргийн дөрөвт, Төв аймгийн Баянчандмань сумын уяач Ц.Мөнхбаатарын халтар халзан соёолон айргийн тавд хурдаллаа.

Хурдан хязаалан насны морьдын уралдаанд 74 хязаалан уралдсанаас Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Э.Батидэрийн хамар цагаан зээрд хязаалан түрүүлж, Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Э.Ганбаатарын загал халзан хязаалан аман хүзүүдсэн бол Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн уяач Г.Галбадрахын халтар хязаалан айргийн гуравт, Төв аймгийн Зуунмод сумын уяач Ж.Алтанхуягийн халтар хязаалан айргийн дөрөвт, Төв аймгийн Борнуур сумын уяач Д.Галхүүгийн хонгор хязаалан айргийн тавд хурдаллаа.

Хурдан шүдлэн насны уралдаанд 76 шүдлэн уралдсанаас Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Л.Алтанхуягийн хонгор халзан шүдлэн түрүүлж торгон жолоо өргүүлсэн бол Төв аймгийн Угтаалцайдам сумын уяач Г.Пүрэвцэрэнгийн хүрэн шүдлэн аман хүзүүдэж, Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Г.Гантөгсийн зээрд халзан шүдлэн айргийн гуравт, Төв аймгийн Батсүмбэр сумын уяач Б.Сандагийн саарал шүдлэн айргийн дөрөвт, Төв аймгийн Сэргэлэн сумын уяач П.Баярбатын зээрд халзан шүдлэн айргийн тавд хурдаллаа.

Хурдан дааганы уралдаанд 68 даага уралдсанаас Улаанбаатар хотын уяач Г.Галбадрахын халтар даага түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Д.Мөнхбатын зээрд даага аман хүзүүдсэн бол Улаанбаатар хотын уяач, Говь-Хангай компаний захирал Ц.Мөнхбатын хул даага айргийн гуравт, Төв аймгийн Баян сумын уяач, УИХ-ын гишүүн М.Энхболдын буурал даага айргийн дөрөвт, Төв аймгийн Сэргэлэн сумын уяач Т.Гансүхийн хээр халзан даага айргийн тавд хурдалж наадамчин олноо баясгалаа.

ХУВААЛЦАХ