ТӨВ АЙМАГЧУУД ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ХҮҮХЭД ГЭР БҮЛДЭЭ ЖАРГАЛТАЙ...

ТӨВ АЙМАГЧУУД ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ХҮҮХЭД ГЭР БҮЛДЭЭ ЖАРГАЛТАЙ УРИАН ДОР ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА

52

Өнөөдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ өдрийг Төв аймагчууд “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Баярын арга хэмжээ Зуунмод сумын “Соёл амралтын хүрээлэн”-д ёслол төгөлдөр нээлтээ хийлээ. Нээлтийн ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Ж.Батжаргал, Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл тэргүүтэй аймгийн удирдлагууд, байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл, эцэг эхчүүд, хүүхдүүд оролцлоо.

Нээлтийн үеэр хүүхэд багачуудынхаа баяр дээр баяр нэмж Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит “Монгол туургатан театр”-ын дэргэдэх драмын ангийн сурагчдын уран бүтээл “Чоно ба долоон эгшиг” дуулалт жүжиг, авъяаслаг сурагчдын урлагийн тоглолт болон олон төрлийн спортын тэмцээн, уралдааныг зохион байгуулсан юм.   

Жил бүрийн энэ өдөр сурлага, урлаг, спортын өндөр амжилт гаргасан 9 сурагчийг шалгаруулж аймгийн Засаг даргын нэрэмжит цом, батламжийг гардуулдаг уламжлалтай.

Үүнд:

  • Нийгмийн ухааны улсын олимпиадын III даваанд мөнгөн медаль хүртсэн амжилтаар Хүмүүн цогцолбор сургуулийн 12в ангийн сурагч Сүхтөмөрийн Осоржамаа
  • Дизайн, зураг зүйн улсын анхдугаар олимдиадад хувцас дизайны төрөлд хүрэл медаль хүртсэн амжилтаар Хүмүүн цогцолбор сургуулийн 12в ангийн сурагч Даваадоржийн Баяржаргал
  • Суралцах хугацаандаа А үнэлгээтэй, төгсөх ангийн бүх хичээл 98-100 хувь үнэлэгдсэн амжилтаар Жаргалант сумын ЕБСургуулийн 12а ангийн сурагч Самбалхүндэвийн Самданням, Батсүмбэр сумын ЕБСургуулийн 12а ангийн сурагч Батбаярын Тэмүүлэн, Батсүмбэр сумын ЕБСургуулийн 12а ангийн сурагч Тогтоосоны Армангуль, Бүрэн сумын ЕБСургуулийн 12а ангийн сурагч Цог-Эрдэнийн Дэнсмаа, Заамар сумын ЕБСургуулийн 12а ангийн сурагч Болдбаатарын Хулан
  • Суралцах хугацаандаа А үнэлгээтэй, төгсөх ангийн бүх хичээл 98-100 хувь үнэлэгдсэн амжилт болон чөлөөт бөх, волейболын спортын I зэрэгтэй, 2019 оны Аймгийн аварга шалгаруулах Өсвөрийн бөхийн барилдааны хүрэл медаль, Самбо бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль хүртсэн амжилтуудаар Эрдэнэсант сумын ЕБС-ийн 12а ангийн сурагч Намхайжанцангийн Төрболд
  • Уран хэлхээ улсын аварга шалгаруулах тэмцээнд багаараа алт, хүрэл медаль, Хараацай хүүхдийн IV их наадамд мөнгөн медаль амжилтаар Хүмүүн цогцолбор сургуулийн 12а ангийн сурагч Дэлгэрсайханы Лхагвацэнд нарт аймгийн Засаг даргын нэрэмжит цом батламжийг гардуулан өглөө.

Мөн улсын төрөлжсөн олимпиадын III даваанд амжилттай оролцож эхний гурван байрт шалгарсан 6 сурагчид аймгийн Засаг даргын нэрэмжит мөнгөн шагналыг гардуулсан бөгөөд “Хаан банк”-ны хамт олны зүгээс сурлага, урлаг, спортын амжилт гаргасан сурагчдад сургалтын төлбөрийн тэтгэлгийг гардуулсан юм.

 

ХУВААЛЦАХ