МОНГОЛ УЛСЫН БААТАР Д.САМДАНГИЙН НЭРЭМЖИТ ЦЭРЭГ СПОРТЫН “ДӨЛ-2019” ТЭМЦЭЭНИЙГ ХҮМҮҮН ЦОГЦОЛБОР...

МОНГОЛ УЛСЫН БААТАР Д.САМДАНГИЙН НЭРЭМЖИТ ЦЭРЭГ СПОРТЫН “ДӨЛ-2019” ТЭМЦЭЭНИЙГ ХҮМҮҮН ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН ТАСАГ ХОШУУЧИЛЛАА

45

Халх голын ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Төв аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 016 дугаар бригад хамтран Монгол Улсын баатар Д.Самдангийн нэрэмжит цэрэг спортын “Дөл-2019” аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгууллаа. Цэрэг спортын “Дөл-2019” тэмцээн  Монгол Улсын баатар Д.Самдангийн хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагаагаар эхэлсэн бөгөөд нээлтийн ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хошууч Т.Төмөрчөдөр, Зуунмод сумын ЗДТГ-ын дарга Г.Батжаргал, ЗХ-ний 016 дугаар бригадын Сургалтын офицер, Хошууч н.Ариунбаатар нар оролцсон юм.

Хүүхэд багачуудыг цэрэг эх оронч хүмүүжлээр хүмүүжүүлэх, тэдний  бие бялдрын түвшинг дээшлүүлэх, цэргийн хүн болох хүсэл эрмэлзлэлийг нэмэгдүүлэх зорилго бүхий тус тэмцээнд Зуунмод сумын Хүмүүн цогцолбор сургууль, IV сургууль, V сургууль, Борнуур, Алтанбулаг, Эрдэнэсант сумын ЕБСургуулиудын 70 гаруй сурагчид жагсаалын үзүүлэх тоглолт, урлагийн номер, ханын сонин, бие бялдрын дасгалууд, нэг, хоёрдугаар 16 тоот дасгал, 3 км-ийн марш, дуут жагсаал гэсэн 8 төрөлд өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан юм.

Цэрэг спортын “Дөл-2019” тэмцээнийг Зуунмод сумын “Хүмүүн” цогцолбор сургуулийн О.Отгонбаяр захирагчтай тасаг тэргүүлсэн бол Зуунмод сумын IV сургуулийн Д.Жаргалдорж захирагчтай тасаг 2 дугаар байр, Эрдэнэсант сумын ЕБСургуулийн Б.Эрдэнэбат захирагчтай тасаг 3 дугаар байрт шалгарлаа. “Дөл-2019” тэмцээнд тэргүүн байр эзэлсэн тасгууд Халх голын ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулах Зүүн бүсийн аварга шалгаруулах “Дөл” тэмцээнд оролцох юм.

ХУВААЛЦАХ